Лучиано Космо: Монголын уламжлалт хэв маягийг эвдсэн барилгууд миний сонирхлыг илүү татсан

Хоёр сая гаруй хүн амтай нийслэлд маань өнгө нэмсэн барилгууд сүндэрлэсээр байна. Төөрдөг байшин шиг адилхан хэлбэр загвар, интерьертэй байшингуудаас уйдсан хотын иргэдийн хүсэл сонирхол өөрчлөгдсөнийг өдгөөгийн шинэ бүтээн байгуулалтууд илтгэнэ. Хэний ч нүдэнд хамгийн түрүүнд тусах тэдгээр барилгын түүчээ болсон бүтээн байгуулалтыг “Эс Девелопмент” компанийн хамт олон гүйцэтгэдэг бөгөөд ерөнхий архитектор нь Лучиано Космо хэмээх эрхэм юм. Өдгөө “Жардин” төсөл дээр ажиллаж буй түүнтэй ярилцсанаа хүргэе.

 
-Шинийг эрэлхийлэгч нийслэлчүүдийн хэрэгцээнд нийцсэн “Жардин” төсөл дээр та ажиллаж байгаа. Уг төсөл бусдаас юугаараа ялгаатай вэ?
 
-“Жардин” нь оршин суугчдын тав тухтай байдлыг хангасан дээд зэрэглэлийн тансаг хотхон юм. Бид тав тухаас гадна хүрээлэн буй орчныг хөгжүүлэн, хамгаалахад ихээхэн анхаарсан. Төслийн нэг давуу тал нь барилгын бүх хэсгүүдэд дээд зэргийн чанартай материал ашигласан. Хүмүүс “Чанартай” гэж хэлэхээр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйлийг хайдаг. Харин бидний бүтээн байгуулалт шалан доор, хананы цаана гэх мэт далд газартаа ч дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, технологийг ашигласнаараа давуу. Гярхай нарийн хийгдсэн энэхүү барилга маань оршин суугчдиддаа дээд зэргийн тав тухийг бүрдүүлхэд чиглэгдсэн.  Бид өвөлдөө -40, зундаа +30 хэм хүрдэг Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон чанартай, эдэлгээ сайтай материалуудыг сонгосон. Тухайлбал уламжлалт халаагуурын систем биш Италийн “Giacomini”-ийн шалны халаалтыг ашигласан нь өнгө үзэмж сайтай, тав тухыг бүрэн хангасан бөгөөд зай хэмнэлтийг маш сайн ашигласан. Мөн бид Германы “Ter Hurne” брендийн сайн чанарын байгалийн тосолгоотой цэвэр царс модон шал, хаалгыг сонгосон нь оршин суугчдынхаа тав тух, дуу чимээний тусгаарлалтыг хэрхэн бүрдүүлснийг илтгэх нэг шалгуур болох байх. Нийтийн эзэмшлийн талбайд Италийн болон Оманы гантиг чулууг ашигласан нь гоёмсог мөн удаан эдэлгээтэй байдаг.
 
-Дотоод засал, интерьерийн хувьд ямар онцлогтой вэ?
 
-“Жардин”-д долоон төрлийн интерьерийн шийдэл, өнгө төрх бүхий 130-380 м.кв бүхий байрнуудаас та сонголтоо хийж болно. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн байр бус интерьерийн цогц шийдэл санал болгож байгаа юм. Зарим өрөөнд Газрын дундад тэнгисийг санагдуулам гүн хөх, номин ногоон өнгөнүүдийг ашигласан байхад зарим өрөөнд цэвэр модон доторлогоотой хана бүхий Азийн сонгодог хэв маягийг харах боломжтой. “Жардин” төсөлд хүний тав тухтай амьдралыг бүрдүүлэхэд анхаарсан нь гал тогоо, хувцасны өрөөг бүрэн тохижуулж бэлтгэснээс харагдана. Жишээлбэл, гал тогооны өрөөг Германы алдарт “Siematic” брендийн тавилгаар тохижуулж, хамгийн бага цахилгаан зарцуулалттай “Siemens” фирмийн аяга угаагч, хөргөгч, уур шүүгч болон бүх төрлийн зуухнуудийг суурилуулж өгсөн. “Siematic” фирмийн гал тогооны тавилгуудын тавцанг лазераар зүсдэг учир маш нимгэн, аливаа залгаасгүй байдаг ба хамгийн сүүлийн үеийн загварын цогц шийдэлтэй.
 
Бүх цахилгаан хэрэгслүүд нь тавилгандаа бүрэн суурилуулагдсан. Мөн хувцасны өрөөг Италийн “Доимо Дизайн” компанийн эко материалтай ханын шүүгээгээр бүрэн тоноглож өгсөн нь хэн бүхэнд таалагдах болно.
 
- Та “Jardin” төслийн гадна болон дотор заслыг мэргэжлийн өндөр түвшинд хийсэн нь илт харагдаж байна. XXI зууныг илтгэх ямар дэвшилтэт технологийг   “Jardin” хотхонд ашигласнаа илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.
 
-“Жардин” хорооллын оршин суугчид дээд зэрэглэлийн технологийн дэвшил болох “Bang&Olufsen” брэндийн утасгүй мультмедиа системийг өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой. Мөн “Zen Spa”-д  Италийн “Technogym”-ээр бүрэн тоноглогдсон бялдаржуулах танхимтай ба хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ус шүүлтүүрийн технологи бүхий саруулхан хүүхдийн болон томчуудын усан сантай. Мөн Jacuzzi, хүйтэн усан сан, шүршүүр болон хүчилтөрөгчийн ууршуулагч ханатай саунаар тоногдогдсон хоёр  VIP Spa, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээтэй алжаал тайлах тав тухтай гурван массажны өрөөг орчин суугчиддаа санал болгож байна. Мөн “Zen Spa” –д гоо сайхан, үсчин, маникур болон педикур салон байрлана.
 
Оршин суугчдын цагийг хэмнэх J.Clubhouse нь шаардлагатай үйлчилгээг нэг дор цогцлоосны дотор дээд зэрэглэлийн ресторан, тусгай үйлчилгээ ч бий. Тусгай үйлчилгээнд нь таны машиныг угаалгах, үзвэр болон онгоцны билет захиалах гэх мэт үйлчилгээгээр хангахаар төлөвлөгдсөн. Мөн “Жардин”-д оршин суугчдын таалалд нийцэхүйц усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн болон мини хөлбөмбөгийн талбайтай. Үүнээс гадна “Жардин” хотхон цэцэрлэгжилтэд ихээхэн анхаарч ажилласнаас гадна гэрэлтүүлгийн тал дээр ч дээд зэргээр анхаарсан. Өнгөний хувьд зөөлөн, тод өнгийг сонгосон бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй брэндүүдийг бүтээн байгуулалтдаа ашигласан юм. Энэ бүхнийг “Орчин үеийн сонгодог загвар” гэж дүгнэх бүрэн боломжтой.  
 
-Хүмүүс ногоон байгальд илүү ойр амьдарч хүрээлэн буй орчноосоо таатай мэдрэмжүүдийг авахыг эрмэлздэг. Тэгвэл “Жардин” хотхоныг давуу талуудыг дурдана уу?
 
- Францаар “Jardin” нь Цэцэрлэгт хүрээлэн гэсэн утгыг илэрхийлж байдаг тул хотхоныг анхнаас нь барихдаа бид ногоон байгальд ихээхэн анхаарал хандуулж “Жардин” хотхоны оршин суугчдад дээд зэрэглэлийн тав тухтай орчныг бүрдүүлэхийг эрмэлзсэн. Хотхоны ногоон байгууламж нь улирал бүрт өөр өөр өнгөний илэрхийлэх тусгай мод, бутнууд суурилуулсан. Хотхоныг тойрсон явган хүний зам нь уулын явган хүний замтай шууд нийлдэг.
 
Зөвхөн барилгын өөрийн чанарт бус орчны гадна талбай, аюулгүй байдлыг ч өндөр төвшинд хангаж өгсөн.  Ингэснээр “Жардин”-ы оршин суугчдад зүгээр нэг хотхонд амьдраад зогсохгүй байгальд байгаа мэт тааваараа мэдрэмж төрнө. Ер нь аюулгүй, амгалан тайван орчин бүрдүүлэхэд бид онцгой анхаарсан. Хотхоны нийтийн эзэмшлийн талбайг бүхэлд нь хянах зориулалттай камер болон хамгаалалтын нэгдсэн систем бүрдүүлснээрээ давуу талтай.
 
-Хотхоны тавилга, материал зэрэг бүхий л зүйлийг хамгийн сайн чанартайг нь сонгон Европоос авчирчээ. Харин ерөнхий архитекторын хувьд “Жардин”-д монгол хэв маягийг онцгойлон тусгасан эсэхийг сонирхмоор санагдлаа?
 
-Бид бүхий л хэв загвар, санаагаа монгол багийн хамт олонтойгоо ярилцаж гаргасан. Мэдээж чанарыг бодолцож тавилга, материалуудаа Европоос авчирсан ч монгол хүний санаагаар бүтсэн олон зүйл “Жардин”-д бий. Тухайлбал, талбайн сонголт ямар байхыг монголчуудтай хэлэлцэж гаргасан. Учир нь энэ хотхонд италичууд бус монголчууд амьдарна шүү дээ. Монгол хүний мэдрэмж, тав тухад зориулсан учраас талбайн сонголт, тавилгын байрлалыг тэднээр сонгууллаа. Хотхонд амьдрах хүмүүс ямар ч стрессгүй, амар тайван амьдрах ёстой гэсэн үүднээс бүхий л зүйлийг бодолцож хийсэн юм.
 
-Одоо ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчлөе. Та Монголд ирээд удаж байна уу. Чухам юу таныг Монголд ирж ажиллахад нөлөөлсөн бэ?
 
-Энэхүү төслийг анх санаачилсан П.Батсайхан захиралтай өмнө нь хоёр ч удаа Европт уулзаж байсан. Тэр үед би энэ төсөл, загвар дээр хамтран ажиллах, чанар загварын өндөр түвшинд төслийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах хүн хайж байгааг сонссон юм. Энэхүү төсөл миний анхаарлыг татаж анх удаа Монгол улсыг зорих болсон. Хэдий ажил төрлийн хэлэлцээр байсан ч миний нүүдэлчин төрөлх чанар намайг илүү их татсан гэлтэй. Монгол оронд ирэхээсээ өмнө би яг юунд оролцох гэж байгаа, намайг яг юу хүлээж буй талаар бүрэн ойлголтгүй байсан. Харин надад хамгийн их таалагдсан зүйл нь төслийг зохион байгуулж байгаа хамт олон байсан тун удалгүй бид гар нийлэн хамтран ажиллаж эхэлснээр бидний эхлүүлсэн төсөл илүү амжилттай мөн сонирхолтой болж эхэлсэн. Миний хамтран ажиллаж байгаа хамт олон маань хамгийн чанартай, шинэлэг зүйл бүтээхийн төлөө эрмэлзэж байсан нь надад ч бас их нөлөөлсөн. Монголчуудын байгалийн гоо сайхан, урлагийн бүтээлд хайртай зан чанар надад их таалагдсан.
 
-Монголд ирээд хамгийн түрүүнд таны нүдэнд туссан зүйл юу вэ?
 
-Монголд анх ирэхдээ ямар ч төсөөлөлгүй байсан. Өөрөөр хэлбэл, Монголд ирсэн хүмүүсийн яриаг сонссоноос цаашгүй байсан гэж ойлгож болно. Асар том нутаг дэвсгэртэй, нийслэлийг нь Улаанбаатар гэж мэдэхээс яг ямар хүмүүс амьдардаг эсэх, мөн ёс заншлынх нь талаар үнэхээр мэддэггүй байлаа. Хүмүүсийн ярьдгаар байгаль нь сайхан, агаар нь тунгалаг, уудам нутаг байх гэсэн төсөөлөл л надад буусан. Гэтэл Монгол гэж шал өөр зураглал, өнгө намайг угтлаа. Мэргэжлийн хүний хувьд Монголд анх ирээд барилгуудынх нь чанар стандартын шаардлага  хангахааргүй болохыг анзаарсан. Гэхдээ энэ компанийн хийх гэж буй төсөлд чанарыг эрхэмлэснийг хараад надад их таалагдсан даа.
 
-Монгол гэр уран барилгын суурь элементийг өөртөө агуулсан байдаг. Та хийц, бүтцийг нь судалж үзэв үү?
 
-Хот суурин газарт зориулсан нүүдлийн сууц гэж мэдээж байхгүй. Миний бодлоор, монгол гэр бол нүүдлийн хэв маягт хамгийн их зохицсон. Байгалийн эрс тэс уур амьсгал, нүүдлийн мал аж ахуй, соёл гээд бүгдэд нь тохирсон маш шилдэг санаа. Орчин үед монголчууд гэрийг сууц болгож ашиглахаасаа илүү жуулчдад зориулан бааз байгуулах болжээ. Энэ нь ч түүх, соёлоо сурталчлах бас нэг зөв зам юм.
 
-Та Монголд ирснээсээ хойш гэр барьж үзсэн үү?
 
-Яг өөрөө монгол гэр барьж үзээгүй. Гэхдээ гэр хэрхэн барьдгийг харуулсан бичлэг үзэж байсан. Дараа боломж гарвал монгол гэр барьж үзнэ гэсэн бодолтой байгаа шүү.
 
-Монголд ирхээсээ өмнө нь ямар бүтээл дээр ажиллаж байсан бэ?
 
-Би 30 гаруй төсөл дээр ажиллаж байсан.Төслүүдийн маань ихэнх нь орон сууцны байгууламжууд мөн 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудлууд байсан. Мөн дарсны үйлдвэр болон тусгай зориулалтын байгууламжууд дээр ажиллаж байна. Үүнээс гадна байгаль орчинд ээлтэй материал, сэргээгдэх эрчим хүч, өндөр чанартай тусгаарлагч зэргийг ажилдаа ашиглаж байгаа. 
 
-Тэгвэл мэргэжлийн хувьд таны харааг булаасан бүтээл Монголд бий юү?
 
-Улаанбаатарын ихэнх барилгын загвар таалагдаж байна. Гэхдээ эртний, эсвэл Монголын уламжлалт хэв маягийг эвдсэн барилгууд миний сонирхлыг илүү татсан. Тухайлбал, Гандантэгчинлэн хийд, Богдын музей бол Монголын үндэсний хэв загварыг гаргасан төгс шийдэл бүхий барилга юм. Мөн “Central tower”, “Blue sky” зэрэг хотын нүүр царай болсон сайхан барилгууд бий.
 
-Монгол архитектур ард иргэдийнхээ амьдарч ажиллах орон зай, нийгмийн байдал, мөн чанараас гадна соёл иргэншил, ертөнцийг үзэх үзлийг өөртөө бүрэн шингээсэн байдаг. Харин Итали улсын хувьд ямар онцлогтой байдаг вэ?
 
-Италийн барилгын ихэнх нь эртний хэв загвартай. Гэхдээ италичууд хөгжлийн олон үе шатыг туулсан. Үүнийг тайлбарлахын тулд юуны түрүүнд Ромын уран барилгын талаар ярих хэрэгтэй. Энэ нь яг тийм гэсэн тогтсон загваргүй ч олон содон шийдлээс бүтдэг. Би урьд нь Италийн Сэргэн Мандалтын үеийн урлагийг судлаж байсныг Jardin -ы засал, загварт тусгасан төдийгүй Барок (Хэт гоёмсог хэв маяг), эрх чөлөөт болон рационалист урлагийг тусган харуулсан билээ
 
 Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас буюу 1950-1970 оны хооронд италичууд маш хэцүү цаг үеийг даван туулсан. Улс орон даяар эмх замбараагүй байдал үүссэн учраас бидэнд бараг үзээгүй зүйл байхгүй гэхэд хилсдэхгүй. Тийм болохоор тухайн үед барилгын чанар их муу  байсан. Харин тэр цагаас хойш бид бүр олон барилга барьж, хотын хөгжил, тохижилтдоо анхаарах болсон юм. Италийн уран барилгын нэг онцлог нь бид барилгын материалыг илүү экономик аргаар хийдэг.  
 
-Энэ мэргэжлийг сонгоход танд юу нөлөөлсөн бэ?
 
-Би багаасаа л урлаг, уран сайханд дуртай байсан. Тиймээс барилга, архитектурын мэргэжлээр Венецийн Их Сургуульд суралцсан. Италид эдгээр чиглэлээр ажилладаг миний сайн найз бий. Энэ мэргэжлийг сонгоход түүний нөлөө ч тодорхой хэмжээгээр байсан. Эхэн үедээ би интерьер дизайн сонирхдог байсан ч их сургуульд ороод барилгын гадна чимэглэлийн талаар илүү сонирхох болсон доо.
 
-Ярилцлагын төгсгөлд дараагийн ажлын төлөвлөгөөний тань талаар асуумаар байна. “Жардин” цогцолбор хотхоны төслийн дараа Монголд хийхээр төлөвлөсөн ажил бий юү?
 
-Мэдээж хэрэг, “Жардин-2” гэж үргэлжилнэ. Бид хотын төвд үйлчилгээний төв, оффисын барилга, 5 одтой зочид буудал  барихаар төлөвлөж, зураг төслийг нь гаргасан.
 
-Баярлалаа. Та бүхний ажил үйлс өөдрөг байг!
 
Б.Номин